2007-05-12
ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ АРГУУД
 

 

Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр бичнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ.

Их хүний нийтлэг шинж
Амжилтанд х
үрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө
утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон:
Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө
захирахуй,
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү
энэ гурав билээ.”

гэж ш
үлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.

 

“Уруу татах хүч”

Би багадаа “өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин Японд ирээд байхдаа нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм.
“Ихэнх х
үний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу Татах Хүч”-нд ялагдсанаас болдог” гэж тэрээр хэлээд “зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна” гэж хэлж билээ. Түүнээс хойш “за яадгийм”, “дараа болъё” гэж бодох бүрд энэ “уруу татах хү
ч”-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм.
“Уруу татах х
үч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг “байлдах урлаг” хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хү
нд бэрхийг туулах бололтой.
Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг х
үчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. “Эрч хүч”-ээр жигүүрлээд “уруу татах хүч”-рүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. “Эрч хүч” унтарч, “уруу татах хү
ч” ноёрхлоо.
Yнэндээ энэ “эрч х
үч” гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл “уруу татах хүч” бол үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид “эрч хүчийг” үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хү
ртэн авахтай адил хэрэг болно.

Цаг мөч бүрийг мэдрэх

Цэнэг авсан үедээ бид жишээ нь “өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэр чигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” .
Энэ б
үхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бү
рийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө
хянаж, мэдрэхээс эхэлнэ.

www.yaruusetgegch.mn

 


Бичсэн: Ganna | цаг: 19:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
баярлалаа.дараагийн удаа заавал анхаарах болно.хариулагагуй загнасанд уучлаарай.
Бичсэн: Ganna цаг: 13:48, 2007-05-15 | Холбоос | |


Сэтгэгдэл
Энэ Эрин М.Тулгатын http://togi3togi.blogspot.com бичлэг байна. Үүнээс хойш хүний бичлэг хуулж оруулах үедээ эх сурвалжийг дурдаж байгаарай. Маш гоё бичлэг.
Бичсэн: xvv цаг: 13:30, 2007-05-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax